Нийгэм Нийтлэл

"Ааваа битгий сэрээрэй..." гэж залбирсан охин...

Дэнжийн мянгын Цагаан байрнаас цааш захын зүг алхахад замын хажуу, дэлгүүрийн булан, хашааны мухарт согтуу хүмүүс шавчихсан байх нь тэр үед ердийн л дүр зураг байлаа. Хэнтэй ч муудалцаагүй атлаа газар тэврэн уначихсан, босох ч тэнхэлгүй хэвтэх тэднийг хараад “Элэг нь ямар бөх юм бэ дээ, энэ элс шороондоо булагдах өдрөө л хүлээж яваа хүмүүс юм байх даа” гэж бодох хүн олон. Үнэндээ тэгж бодохоос ч аргагүй, учир нь энэ газрын хүмүүсээс нь битгий хэл шороо тоос, модон хашаа, дэлгүүрийн үүд хүртэл архины гашуун үнэр нэвт шингэчихсэн мэт санагддаг байв. Харин тэр л газар, тэр л амьдралын дунд 1999 оны хавар зуны зааг дээр нэгэн айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн миний төрсөн өдөр манай гэр бүлд баяр жаргал, зовлон гунигийг зэрэг авчирсан өдөр болсон юм.

Охин үртэй болсондоо ээж минь баярлаж байсан бол төрөхийн гадаа аав согтуу ирж зогссон гэдэг. Эмнэлэгт амаржиж өнгөрүүлсэн тэр хэдхэн хоног ээжийн минь хувьд олон жилийн дараа олдсон хамгийн нам гүм, хамгийн амар тайван өдрүүдийн нэг байсан ч юм билүү гэж би одоо боддог. Харин миний хувьд амьдралын тухай юу ч мэдэхгүй, ээжийнхээ энгэрт нүдээ нээсэн тэр өдрөөс л хожим санахыг хүсэхгүй атлаа хэзээ ч мартаж чадахгүй урт түүх эхэлжээ. Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд дулаахан дурсамж байдаггүйг би хэтэрхий эрт мэдсэн юм.

Нэг өглөө би уйлсаар сэрэхэд өрөө тас харанхуй, амьсгалах тоолонд амнаас минь цагаан уур савсаж байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор гэрийн дотор гадаахаасаа ялгаагүй хүйтэн болж, хөнжлөөс гарахад хүртэл гар хөл жиндэн өвдөнө. “Ээж ээ” гэж аяархан дуудахад том өрөөний сандал дээр сууж байсан ээж босож ирээд юу ч болоогүй юм шиг намайг аажуухан хувцаслаж эхэлсэн бөгөөд цаг өглөөний долоо болж, бид хоёр цэцэрлэг рүүгээ явах хэрэгтэй байв. Миний ээж цэцэрлэгийн багш, бас миний ангийн багш байсан болохоор бусад хүүхдүүдийг аав ээж нь хүргэж өгдөг байхад би өглөө бүр ээжтэйгээ хамт ажилд нь явдаг хүүхэд байлаа.

Даарч хоносноос болсон уу бие бага зэрэг халуурч, хоолой загатнан ханиалгамаар байсан ч би хамаг чадлаараа тэвчиж явсан нь үүдний шалан дээр унтаж байгаа аавыг сэрээчих вий гэж айсных. Шалан дээгүүр энд тэндгүй хагарсан шилний хэлтэрхий гялтганаж, гишгэчихгүй юмсан гэж дөрвөн настай би өлмий дээрээ гэтсээр хаалганд хүрэхэд тэр хэдхэн алхам хүртэл асар хол мэт санагдана. Хаалгаа зөөлөн хаагаад гадаа гарахад тэр хавь тэр чигтээ саарал утаанд дарагдаж, тавхан алхмын цаадах айлын хашаа ч бүдэг бадаг харагдах төдий байлаа. Нүдээ нээхэд хорсож нулимс өөрийн эрхгүй гарна, харин хацар даган урсаж амжилгүй хүйтэн агаарт царцах шахах тэр өглөөнүүд миний хүүхэд насны хамгийн тод дурсамжуудын нэг болон үлджээ.

Хэдэн давхар хувцас өмсдөг байснаа одоо санахгүй ч пөөнийж, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөж чадахгүй болохоор хэд алхмагцаа “Ээж ээ, үүрүүлье” гээд хоёр гараа сарвайдаг байлаа. Ээж намайг нуруундаа үүрээд цэцэрлэг хүртэл алхах бөгөөд би очих хүртлээ нэг ч удаа буухгүй эрхэлнэ. Гэсэн хэрнээ би ээжээсээ идэх юм, тоглоом нэхэж бараг үзээгүй, учир нь “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлэхэд нь дөрөвхөн настай мөртлөө өөрийгөө үнэхээр том хүн болчихсон мэт боддог байсан юм. Магадгүй ээжийн тэр хэдхэн үг надад байхгүй зүйлээ нэхэлгүй тэвчихийг хамгийн анх заасан байх.

Цэцэрлэгийн хаалгаар ормогц хүмүүс ээжийн нүүрийг нэг л удаан ширтээд, дараа нь юу ч болоогүй мэт харцаа буруулдаг байсны учрыг би тэр үед ойлгодоггүй байв. Хэн ч “Юу болсон бэ?” гэж асуухгүй, ээж ч хэнд ч тайлбарлахгүй, учир нь юу болдогийг нь асуулгүйгээр ойлгож болохоор дэндүү ил байсан биз. Харин би ангийнхаа бүх хүүхдийн гэр бүл манайхтай адилхан гэж боддог, бүх аав архи уудаг, бүх ээж зодуулдаг, өвлийн өглөө бүх хүүхэд хүйтэн гэрт амнаасаа уур савсуулан сэрдэг гэж итгэдэг байлаа. Гэвч надаас өөр амьдрал байдгийг өдөр бүр сануулдаг хоёрхон зүйл байсан нь өглөө хүүхдүүдэд аав ээж нь атгуулж өгдөг чихэр, бас ангийн хаалгаар орохынхоо өмнө эргэж хараад “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” хэмээн инээмсэглэн гараа даллах тэр дүр зураг байв.

Ангийн хүүхдүүд өглөө авчирсан чихрээсээ багшдаа амсуулах гэж уралдан ээжийн ширээ рүү гүйдэг байлаа. Ээж “Баярлалаа” гэж инээмсэглэн аваад хүүхдүүдийг хараагүй хойгуур өнөөх чихрийг гялс миний гарт атгуулчихна. Би ор хөнжил хураадаг жижиг өрөөний мухарт орж, хаалга руу нуруугаа харуулан зогсоод тэр ганц чихрийг ямар их амтархан иддэг байсан гээч. Дараа нь юу ч болоогүй мэт гарч ирээд ээж рүү харахад би ямар их баярласнаа хэлэх шаардлагагүй, ээж миний нүднээс бүгдийг ойлгодог байлаа.

Надад шинээр авч өгсөн хувцас гэж бараг байгаагүй бөгөөд хамаатны эгч нарын багадсан цамц, өмд, даашинзыг ээлжлэн өмсөнө. Барби хүүхэлдэй байгаагүй ч цаас, харандаа хоёр надад байсан болохоор би өөрийн хүссэн бүхнийг зургаар бүтээж чаддаг байв. Унтлагын цагаар хүүхдүүд бүгд унтчихмагц би орноосоо сэм босож, ээж рүү том нүд гарган хараад ангийн охидын ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саа гялтганасан гутлуудаас өмсөж үзэх зөвшөөрөл гуйдаг байлаа. Тэгээд өдөр бүр өөр өөр гутал сонгон өмсөж, толины өмнө зогсож үзээд, ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхах тэр хэдхэн минутдаа би өөрийгөө хорвоогийн хамгийн гоё хувцастай охин мэт төсөөлдөг байсан юм.

Хүүхдүүд сэрэх цаг дөхөхөд гутлыг нь яг байсан байранд нь буцаан тавиад орондоо шургаж, дөнгөж сая нойрноос сэрсэн хүүхэд шиг дүр эсгэн өндийнө. Миний хувьд цэцэрлэг тоглож нааддаг газар төдий биш, харин гэртээ хэзээ ч мэдэрч чаддаггүй аюулгүй байдлыг мэдэрдэг хүүхэд насны минь хамгийн амар тайван орон зай байжээ. Тийм болохоор тарах цаг болоход бусад хүүхдүүд аав ээжийгээ хүлээн баярладаг байсан бол миний дотор үл мэдэг түгшүүр төрж эхэлдэг байв. Цэцэрлэгээс гэр хүртэлх зам богинохон боловч хаалгандаа хүрэх тусам өнөөдөр биднийг юу хүлээж байгаа бол гэсэн ганцхан бодол ээж бид хоёрын хэнийх нь ч амнаас гаралгүй зэрэгцэн алхдаг байсан юм.

Автобусны буудлаас холгүй манай хавийн хамгийн том хүнсний дэлгүүр байх бөгөөд хүмүүс түүнийг “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг байлаа. Дэлгүүрийн хоёр хажуугийн өндөр босгон дээр гарч зогсвол ойр хавийн айлуудын яндан харагддаг тул ээж бид хоёр өдөр болгон тэнд түр саатаж, манай яндангаас утаа гарч байна уу гэж ажиглана. Аав эрүүл үедээ гэрийнхээ галыг түлчихсэн суудаг байсан болохоор яндангаас утаа гарч байвал бидний хувьд тэр өдөр гэртээ айхгүй орж болох дохио гэсэн үг байв. Харамсалтай нь...

Энэ нийтлэлийг бүтнээр унших
2,500₮
  • Төлбөр төлөгдмөгц нийтлэл автоматаар нээгдэнэ
  • Бүтэн эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл
  • 24 цагийн турш хэдэн ч удаа унших
  • Компьютер, утас, tablet дээр ажиллана
🔒 Аюулгүй төлбөр · QR кодоор шууд баталгаажна