Нийгэм Нийтлэл

Ээжийнхээ өшөөг 22жилийн дараа авсан хүү Тухайн үедээ дэлхийг шуугиулж байсан хэрэг

Ээжийнхээ өшөөг 22жилийн дараа авсан хүү Тухайн үедээ дэлхийг шуугиулж байсан хэрэг
2018 оны Цагаан сарын үеэр Жан Коу Коу төрсөн тосгондоо ирэхдээ хувцас хэрэглэлээсээ гадна том хутга авчирсан байв. Тэр ирсэн даруйдаа гурван хүний аминд хүрч, Хятадыг цочроосон хэрэг үйлдсэн юм. Хэрэг гарсны дараа тэр даруй баривчлагдаж, шүүхийн өмнө зогсохдоо:
“Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин хийсэн үйлдэлдээ огт харамсахгүй байна” хэмээн мэдүүлжээ.
Энэ хэрэг олон нийтийн дунд хүчтэй маргаан дэгдээсэн байна. Олон хүн түүний үйлдлийг зөвтгөж, төрийн байгууллагуудад хүртэл хүсэлт гарган “Түүнийг сулла, шийтгэж болохгүй” гэж шаардсан байдаг. Ийнхүү улс даяар дуулиан болсон энэ хэрэг энгийн нэг аллага бус, олон жилийн турш хуримтлагдсан өшөө хорслын үр дагавар байлаа.
Коу Коу 13 настай байхдаа амьдралынхаа хамгийн аймшигт мөчтэй нүүр тулсан юм. Түүний нүдэн дээр ээжийг нь хэсэг эрчүүд зодож, улмаар амийг нь хөнөөжээ. Тэр өдрөөс хойш өнгөрсөн 22 жилийн турш Коу Коугийн дотор ганцхан бодол оршсоор ирсэн нь өшөө авах хүсэл байв.
Энэ хугацаанд ээжийнх нь үхэлд холбоотой хүмүүсийн амьдрал улам өөдлөн дээшилжээ. Зарим нь амжилттай бизнес эрхлэгч болж, зарим нь төрийн өндөр албан тушаалд хүрч, гэр бүл зохион үр хүүхдээ өсгөн амьдарч байлаа. Харин Коу Коу энэ бүхнийг харсаар, өс санасаар өссөн юм.
2018 онд тэр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэв. Гурван хүний аминд хүрснийхээ дараа шүүхийн танхимд:
“Би бодсон зүйлээ хийсэн. Ээжийнхээ өшөөг авч чадсан” гэж хэлжээ.
Түүний амьдралд хэзээ ч мартагдахгүй гурван дүр зураг үлдсэн байдаг.
Нэгдүгээрт, ээжээ олны өмнө амиа алдахыг харсан мөч.
Хоёрдугаарт, нас барсан ээжийгээ тэвэрч уйлж байсан мөч.
Гуравдугаарт, тосгоны бүх хүний нүдэн дээр ээжийнх нь биед задлан шинжилгээ хийсэн явдал.
Тухайн үед шүүх эмнэлгийнхэн цогцсыг морг эсвэл эмнэлэгт хүргээгүй бөгөөд тосгоны төвд, хүмүүсийн өмнө задлан шинжилгээ хийжээ. Тэр үед дэргэд нь ердөө 13 настай Коу Коу зогсож байсан юм.
Энэ эмгэнэлт явдлын эхлэл нь Хятадын Шэньси мужийн Ванпин тосгонд өрнөсөн хөрш хоёр айлын маргаанаас үүдэлтэй байв.
Жан овогт гэр бүл дөрвүүлээ амьдардаг байлаа. Эцэг эх болон нэг охин, нэг хүүтэй. Хүү нь Коу Коу байв. Харин хөрш айл болох Ван овогт гэр бүл гурван хүүтэй байжээ.
Хоёр айл олон жилийн турш эв найрамдалтай амьдарч, хэрэгтэй үедээ бие биедээ тусалдаг байсан байна. Тэд бусад айлын адил газар тариалан эрхэлж амьдардаг байв. Зарим жил ургац арвин, зарим жил амьдрал хүндхэн өнгөрдөг байсан ч хөршүүдийн холбоо бат бөх байжээ.
Гэвч тосгонд хэрэгжих болсон нэгэн төрийн төсөл энэ харилцааг өөрчилсөн байна.
Засгийн газар тухайн бүсэд томоохон хэмжээний тариа хураалтын ажил эхлүүлэхээр болж, сонгогдсон иргэдтэй хамтран ажиллах санал тавьжээ. Уг төсөлд оролцсон хүмүүсийн орлого эрс нэмэгдэх боломжтой байсан тул тосгоны олон айл сонирхож эхэлсэн байна.
Жан болон Ван гэр бүл хоёулаа уг төсөлд оролцохыг хүсэж байв. Ингээд өмнө нь дотно байсан хөршүүдийн хооронд үл ойлголцол үүсэж, удалгүй маргаан болон хувирчээ.
“Танайхыг хэцүү үед манайх дэмжиж байсан.”
“Энэ удаад танайх биш, манайх төсөлд орох ёстой.”
Ийм яриа маргаан болон хурцдаж, хоёр талын харилцаа аажмаар муудсан байна.
Гэвч Жан гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр олон жилийн хөршийн харилцаагаа бодож, асуудлыг эвээр шийдэхийг хүсжээ. Тэд төсөлтэй холбоотой ажлыг хоёр жилээр ээлжлэн хийх санал гаргасан байна. Эхний хоёр жил Ван гэр бүл, дараагийн хоёр жил Жан гэр бүл ажиллахаар тохиролцжээ.
Тухайн үед хоёр айл хоёулаа санхүүгийн бэрхшээлтэй байсан тул энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эхний хоёр жил Ван гэр бүл ажлыг хийж, орлогоо олжээ. Харин Жан гэр бүлийн ээлж ирэхэд Ван гэр бүл амлалтаасаа буцсан байна.
Тэд:
“Бид хоёр жил ажилгүй сууж чадахгүй. Энэ ажлыг цааш нь өөрсдөө үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв.
Удалгүй бүр:
“Бид хоорондоо ярьсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байгаа юм уу?” хэмээн асууж эхэлжээ.
Тухайн үед тосгоны амьдралд бичгээр гэрээ байгуулах ойлголт төдийлөн түгээмэл биш байсан учраас Жан гэр бүл аман тохиролцоонд найдахаас өөр аргагүй байв.
Жан гэр бүлийн эхнэр энэ байдлыг шударга бус гэж үзэж, хөршүүдтэйгээ байнга маргалддаг болжээ. Харин нөхөр нь аль болох тайван замаар асуудлыг шийдэхийг хичээж байв.
Эцэст нь тэр тосгоны захиргаанд очиж, болсон явдлыг тайлбарлан тусламж хүссэн байна. Гэвч албаныхан асуудлыг шийдэхийн оронд:
“Энэ маргааныг орхиод өөр ажлаа хийсэн нь дээр” гэж зөвлөжээ.
Учир нь Ван гэр бүлийн том хүү тухайн үед төрийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашиж байсан байна. Ингэснээр Жан гэр бүл шударга ёс эрэх боломжоо улам бүр алдсаар байв.
Энэ явдал Жан эхнэрийн сэтгэлд гүн гомдол үлдээжээ. Тэр гэрээсээ гарах бүрдээ Ван гэр бүлийн шударга бус үйлдлийг хүмүүст ярьдаг болсон байна.
1996 оны наймдугаар сарын 27-ны өдөр Жан эхнэр хоёр хүүхдээ дагуулан гол дээр хувцас угаахаар явжээ. Буцах замдаа тэд хөрш Ван гэр бүлийн байшингийн хажуугаар өнгөрөхөд 20 настай нэгэн хүү гэрийнхээ гадаа зогсож байв.
Олон жилийн турш хуримтлагдсан гомдол, бухимдал тэр мөчид дахин сэдэрчээ. Жан эмэгтэй хүүтэй маргалдаж эхэлсэн бөгөөд зарим гэрчийн ярьснаар түүний зүг шүлсээ хаясан, харин зарим нь зөвхөн газар руу нулимсан гэж мэдүүлсэн байдаг. Ямартай ч энэ үйлдэл маргааны эхлэл болов.
Залуу уурлан хараал хэлэхэд Жан эмэгтэй улам ойртож, дахин нулимжээ. Энэ удаа шүлс нь хувцсан дээр нь туссан байна. Тэвчээр нь барагдсан залуу Жан эмэгтэйг алгадсанаар маргаан шууд зодоон болон хувирчээ.
Хашгирах чимээг сонссон Ван гэр бүлийнхэн бүгд гарч ирэв. Жан гэр бүлийн том охин ч аавыгаа дуудахаар гэр лүүгээ гүйн одсон байна.
Удалгүй байдал хяналтаас гарч, олон хүн оролцсон бөөн үймээн дэгдэв. Гурван хүүтэй Ван гэр бүл тооны хувьд илт давуу байсан бөгөөд хамгийн хүнд бэртэл авсан хүн нь Жан эмэгтэй байлаа.
Охиныхоо дуудлагаар Жан гэр бүлийн тэргүүн ирсэн ч байдал намжаагүй байв. Харин ч Ван гэр бүлийн эхнэр зодооныг салгахын оронд нөхөр, хүүхдүүддээ хандан:
— Наадхаа ал! Наадхаа ал! гэж орилж байсан гэх мэдүүлэг бий.
Зодоон ширүүссэн тэр мөчид Ван гэр бүлийн нэгэн хүү мод шүүрэн авч, Жан эмэгтэйн толгой руу хүчтэй цохижээ.
Цохилтын чимээ эргэн тойрны хүмүүсийг хүртэл цочроосон гэдэг. Жан эмэгтэй газар сөхрөн унаж, хамар амнаас нь цус асгарч эхэлсэн байна.

Энэ нийтлэлийг бүтнээр унших
2,500₮
  • Төлбөр төлөгдмөгц нийтлэл автоматаар нээгдэнэ
  • Бүтэн эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл
  • 24 цагийн турш хэдэн ч удаа унших
  • Компьютер, утас, tablet дээр ажиллана
🔒 Аюулгүй төлбөр · QR кодоор шууд баталгаажна